Монгол орны ой бол Сибирийн ойн хамгийн урд захын хэсэгт ордог. Өмнөөсөө говийн бүстэй золгодог тул хатаж, үхэх эрсдэл өндөртэйд тооцогддог. Шинэс бол ургах чадвар сайтай бөгөөд тэсвэртэй мод. Ялангуяа, сибирь шинэс хамгийн тэсвэртэй мод аж. Манай орны ойн сангийн 70 гаруй хувийг шинэс эзэлдэг байна.

Түүнээс гадна сибирь шинэс шилмүүсээ алдсан байсан ч тэр нь 20- 25 хоногт дахиад л ургадаг аж.Хөрсөн дээр унасан шинэсний шилмүүс нар, усны нөлөөгөөр задран хувирч, шим тэжээлийн бодис болдог байна. Ийм тэжээлийн бодисыг хүн хэзээ ч өгч чадахгүй. Өөрөөр хэлбэл, энэ бол байгалийн өөрийгөө сэргээх бас нэгэн шид. Түүнчлэн хатсан шинэс үйлдвэрлэлд хамгийн сайн түүхий эд болдог байна. Тэгэхээр 45 сая шоо метр хэмжээний модыг тэр чигт нь огтлоод цэвэрлэчихвэл ойн хэв маягаа алдаж, улмаар хээр тал болно.

Тэгэхээр тайрсан мод бүрээ нөхөн сэргээж, тайрсан даруйдаа оронд нь шинэс суулгах шаардлага гарч байгаа юм. Яагаад шинэсийг онцлоод байна гэвэл энэ төрлийн мод навчид модноос илүү их хэмжээний нүүрстөрөгчийг өөртөө шингээж, мөн их хэмжээний хүчилтөрөг ч үйлдвэрлэж байдаг.Дэлхий дахинд хүлэмжийн хийтэйгээ тэмцэх гэж кампанит ажил өрнүүлж байгаа энэ үед бид навчит модоор бус шинэсээр ойгоо нөхөн сэргээх нь чухал.Шинжлэх ухаанд тулгуурлаж, өндөр технолог ашиглан гарган авсан тарьцаар нөхөн сэргээлт хийснээр 20 жилийн дотор ч ой шинэ ойг бий болгох боломж бүрдэнэ.

Харин химийн хорт бодисоор шавьжтай тэмцэх аргаас бид татгалзах хэрэгтэй. Хүний биед зарим төрлийн бактер тэнцвэртэй хэмжээнд байх шаардлагатай байдгийн адил ой модонд шавьж амьдрах ёстой. Тэгэхээр жил бүр ой модоо химийн хортой бодисоор шүршээд байвал Монгол орон сааралтаж, хувхайрсан хэдэн уултай л үлдэх нь. Хортон шавьжтай тэмцэх хор бол мм-ийн доозоор яригддаг эд. Нэг мм-ээр тун нь ихдэхэд л хүн, амьтан, ургамалд хор болно. Тиймээс хамгаалах асуудал хамгийн чухалд тавигдана. Харин дараа нь хэрхэн ашиглахаа бодох учиртай. Үгүй бол аврал эрсэн ой мод улам доройтож, хатаж, гандах биз.