МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ

2007 оны 05 сарын 17 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

ОЙН ТУХАЙ
(шинэчилсэн найруулга)

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл. Хуулийн  зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын ойг хамгаалах, эзэмших, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Хууль тогтоомж

2.1. Ойн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль1, Байгаль орчныг хамгаалах тухай хууль2, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1.“ой” гэж Монгол орны ойн санг бүрдүүлэгч амьтан, ургамлын олон янз байдал, биологийн бусад бичил биетэн, байгалийн нөөц баялаг шүтэлцэн орших экологийн онцлог нөхцөл орчинг үүсгэн зохицож ургасан байгалийн болон таримал байдлаар байгаа мод, бут,  сөөгний хам бүрдлийг;

3.1.2.“ойн сан” гэж Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ургадаг бүх төрлийн мод, заг, бут, сөөг, таримал ойн нөөцийг;

3.1.3.“ойн нөөц” гэж ойн санг талбай, ургаа модны эзлэхүүнээр нь илэрхийлснийг;

____________________
1 Монгол Улсын Үндсэн хууль –“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1992 оны  1 дүгээрт    нийтлэгдсэн.
2 Байгаль орчныг хамгаалах тухай хууль -“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1995 оны 5-6 дугаарт нийтлэгдсэн.

3.1.4.“ашиглах нөөц” гэж ойн экосистемийн тэнцвэрт байдлыг хангах нөхцөлтэйгээр тодорхой хугацаанд авч ашиглаж болох модны  дээд хэмжээг;

3.1.5.“эзэмшлийн ой” гэж ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага гэрээний үндсэн дээр тодорхой хугацаанд хариуцан хамгаалж, ашиглаж, эзэмшиж байгаа ойн сангийн тодорхой хэсгийг;
3.1.6.”ойн менежментийн  төлөвлөгөө” гэж /цаашид “менежментийн төлөвлөгөө” гэх/ тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх ойг хамгаалах, зохистой ашиглах,  нөхөн  сэргээхэд чиглэгдсэн   ойн аж ахуйн арга хэмжээний хүрээнд гүйцэтгэх ажлыг цогц байдлаар, тодорхой үе шаттайгаар тусгаж,   төлөвлөсөн   баримт бичгийг;

3.1.7.”ойн экологи-эдийн засгийн үнэлгээ” гэж ойн нөөцийн хэмжээ, чанар, хэрэглээний экологи-эдийн засгийн үр өгөөжийг мөнгөн хэлбэрээр илэрхийлснийг;

3.1.8.“ойн нөхөрлөл” гэж /цаашид “нөхөрлөл” гэх/ тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж  дэх ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх  зорилгоор Иргэний хуулийн3 481 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 8 дахь заалтын дагуу зохион байгуулагдаж, үйл ажиллагаа явуулж буй иргэдийн сайн дурын байгууллагыг;

3.1.9.“ойн мэдээллийн сан” гэж / цаашид “мэдээллийн сан” гэх / ойн төлөв байдал, ойн сангийн эзлэх талбайн хэмжээ, нөөц, бүрэлдэхүүн, үнэлгээ, тэдгээрийн өөрчлөлт, ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээ зэрэг үзүүлэлтийг багтаасан цогц мэдээллийг;

3.1.10.“ойг хамгаалах” гэж ойн төлөв байдлыг доройтохоос урьдчилан сэргийлэх, ойн баялгийг жам ёсоороо нөхөн сэргэх боломжийг алдагдуулахгүйгээр ойн нөөцийн даацанд нь тохируулан зохистой ашиглах, нөхөн сэргээх, тэдгээрт хяналт тавих ажиллагааг;

3.1.11.“ойн баялаг” гэж  ойн мод, түүний  дагалт нөөцийг;
3.1.12.“ойн дагалт нөөц” гэж ойн сангийн газарт ургадаг жимс, жимсгэнэ, мөөг, самар, эмийн болон хүнс, тэжээл, техникийн ургамал, модны холтос, үйс, хусны шүүс, давирхай, ойн хөвд, хөвхөн зэрэг ойгоос авч ашиглаж байгаа аливаа баялгийг;

3.1.13.“ой зохион байгуулалт” гэж ойн талбай, нөөц, тархац, бүрэлдэхүүний хэмжээ, чанар, төлөв байдал, өөрчлөлтийг судлан тогтоож, ойн нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээг цогц байдлаар тодорхойлох үйл ажиллагааг;

3.1.14.“ой үржүүлэг” гэж урьд өмнө нь ой байгаагүй газарт таримал ой ургуулахыг.
__________________
3  Иргэний хууль – “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2002 оны  7 дугаарт нийтлэгдсэн.
4 дүгээр зүйл. Таримал ойг өмчлөх, ойг эзэмшүүлэх

4.1.Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу  ойн  нөөц нь төрийн өмч мөн бөгөөд гагцхүү ард түмний мэдэлд байна.

4.2.Хууль тогтоомжид заасан журмын дагуу иргэн өөрийн өмчийн болон эзэмшлийн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага эзэмшлийн газартаа өөрийн хөрөнгөөр зориудаар тарьж ургуулсан ой модыг өмчилж болно.

4.3.Энэ хуулийн 4.2-т заасан таримал ой, түүний дагалт нөөцийг өмчлүүлэх асуудлыг мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллагын дүгнэлт, орон нутгийн захиргааны байгууллага болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тодорхойлолтыг  үндэслэн  энэ  хуулийн 27.5-д заасан журмын дагуу  шийдвэрлэнэ.

4.4.Ойн нөөц болон санг дор дурдсанаар  эзэмшүүлнэ:

4.4.1.байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /цаашид “төрийн захиргааны төв байгууллага” гэх/ ойн нөөцийг аймаг, нийслэл, сум, дүүргийн эзэмшилд;

4.4.2.сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн ойн сангийн тодорхой хэсгийг тогтоосон хугацаа, нөхцөл, болзолтойгоор гэрээний дагуу нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад.

4.5.Энэ хуулийн 4.4.2-т заасан гэрээг зохих бэлтгэл хангуулах  зорилгоор эхний ээлжинд 1 жилийн хугацаагаар, цаашид арван жилийн давтамжтайгаар  60 хүртэл  жилийн  хугацаагаар байгуулж  болно.

4.6.Энэ хуулийн 4.4.2-т заасан гэрээний дагуу эзэмшүүлж байгаа ойн сангийн тодорхой хэсэг нь эзэмшлийн ойд хамаарна.

4.7.Энэ хуулийн 4.4.2-т заасны дагуу ойн сангийн тодорхой хэсгийг эзэмшигч нь менежментийн төлөвлөгөөний дагуу эзэмшлийнхээ ойд мод, дагалт нөөц ашиглах, ойд арчилгаа, цэвэрлэгээ явуулах, нөхөн сэргээх арга хэмжээг авна.

4.8.Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол эзэмшлийн ой нь  хамгаалалт, ашиглалтын аль ч бүсэд хамаарч  болно.

4.9.Ойн сангийн тодорхой хэсгийг нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх журмыг  Засгийн газар батална.

5 дугаар зүйл. Ойн сангийн ангилал,  ойн сангийн  газар

5.1.Хамгаалалт, ашиглалтын хэлбэр, экологи-эдийн засгийн ач холбогдлыг  нь  харгалзан ойн санг  дор дурдсанаар ангилна:

5.1.1. хамгаалалтын бүсийн ой;
5.1.2. ашиглалтын бүсийн ой.

5.2.Ой бүхий газар, ойн цоорхой, мод бэлтгэсэн, түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн ойн талбай, түүнчлэн ойн захаас гадагш 100 метр газар, тарьц, суулгац бойжуулах мод үржүүлгийн газрын эзлэх талбай нь  ойн сангийн  газарт хамаарна.

6 дугаар зүйл. Ойн мэдээллийн сангийн тогтолцоо, журам

6.1.Энэ хуулийн 3.1.9-д заасан санд ойн төлөв байдал, ойн сангийн эзлэх талбайн хэмжээ, нөөц, бүрэлдэхүүн, үнэлгээ, тэдгээрийн өөрчлөлт, эзэмшигчдэд олгосон байдал, ойг хамгаалах, ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааны талаархи үзүүлэлтийг багтаасан мэдээллийг сум, дүүрэг, аймаг, нийслэл, улсын хэмжээгээр тусгана.

6.2.Энэ хуулийн 6.1-д заасан мэдээллийн сангийн бүртгэл, тайлангийн маягт, тэдгээрийг хөтлөх журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн  Засгийн газрын гишүүн батална.

6.З.Энэ хуулийн 6.1-д заасан мэдээллийн санг бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн Долдугаар бүлэгт зааснаар  зохицуулна.
/Энэ хэсэгт 2008 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

7 дугаар зүйл. Ой зохион байгуулалт, түүний санхүүжилт

7.1.Ой зохион байгуулалтыг төрийн захиргааны төв байгууллагаас эрх  авсан мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ.

7.2.Ойн сангийн тооллого, ой зохион байгуулалтыг  10 жил тутамд нэг удаа хийж, түүний нөөц, төлөв байдлыг улсын хэмжээнд шинэчлэн тогтооно.

7.3.Байгалийн гамшиг, түймэр, ойн  хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн зэрэг онцгой тохиолдолд ой зохион байгуулалтыг  энэ хуулийн 7.2-т заасан хугацааг харгалзахгүйгээр хийж болно.

7.4.Ой зохион байгуулалтыг дараахь  байдлаар санхүүжүүлнэ:

7.4.1.ойн сангийн нөөцийг тогтоох, бүс нутгийн хөгжлийн төлөвийг тодорхойлохтой холбогдсон  хамгаалалтын болон ашиглалтын бүсийн ойд ой зохион байгуулалт хийх, улсын менежментийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулахад шаардагдах зардлыг улсын төсвөөс;

7.4.2.хамгаалалтын бүс тогтоох болон ашиглалтын бүсийн ойд аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр ой зохион байгуулалт хийх, менежментийн төлөвлөгөөг боловсруулахад шаардагдах зардлыг орон нутгийн төсвөөс;

7.4.3.гэрээний дагуу нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа ойд хийх ой зохион байгуулалт, менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг тэдгээрийн хөрөнгөөр, харин  анх удаа нөхөрлөлийн эзэмшилд олгогдож байгаа ойн сангийн тодорхой хэсэгт хийх ой зохион байгуулалтыг улсын төсвийн хөрөнгөөр.

7.5.Ой зохион байгуулалт хийх журмыг Засгийн газар батална.

 

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ОЙН БҮСҮҮД, ТЭДГЭЭРИЙН ХАМГААЛАЛТЫН ДЭГЛЭМ

8 дугаар зүйл. Хамгаалалтын бүсийн ой, түүний дэглэм

8.1.Хамгаалалтын бүсийн ойд цармын бүслүүрийн ой, тусгай хамгаалалттай газрын болон сургалт, судалгааны зориулалттай ой, ногоон бүс, хориотой зурвасын ой, заган ой, баянбүрдийн ой, 100 га хүртэлх хэмжээний төгөл ой, бут, сөөг, З0 хэмээс дээш налуу газрын ой хамаарна.

8.2.Хориотой зурвасын ойд нуур, рашаан, булаг, шандын ундаргын эргэн тойрон болон голын эргээс хоёр тийш 1000 метрийн доторхи ой, улсын чанартай авто болон төмөр замын дагуу хоёр талын 100 метрийн  доторхи  ой хамаарна.

8.3.Усны хагалбар дахь байгаль орчны тэнцлийг хангах, хөрсний эвдрэлээс сэргийлэх зорилгоор цармын бүслүүрийн ойн заагийг төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

8.4.Тусгай хамгаалалттай газар нутаг дахь ойн хамгаалалтын дэглэмийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар4 зохицуулна.

8.5.Байгаль орчны тэнцэл, хүн амын эрүүл ахуйн нөхцөлийг хангах зорилгоор нийслэл, хот, тосгоны ногоон бүсэд хамаарах ойн заагийг дор дурдсанаар  тогтооно:

8.5.1.нийслэлийн ногоон бүсэд хамаарах ойн заагийг Засгийн газар;

8.5.2.нийслэлээс бусад хотын З0 хүртэл километрийн доторхи ногоон бүсэд хамаарах ойн заагийг   аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  саналыг үндэслэн төрийн захиргааны төв байгууллага;

8.5.3.төв, суурин газрын ногоон бүсэд хамаарах ойн заагийг тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.

8.6.Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон  зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт нөөцийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

9  дүгээр зүйл. Ашиглалтын бүсийн ой, түүний дэглэм

9.1.Энэ хуулийн 8 дугаар зүйлд зааснаас бусад ой ашиглалтын бүсийн ойд хамаарна.

9.2.Иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт нөөцийг зохих төлбөр, хураамжийг төлсөний үндсэн дээр ашиглах эрхтэй.

____________________¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬
4 Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль – “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1995 оны 2 дугаарт нийтлэгдсэн.

9.3.Ойн санг  эзэмшиж байгаа нөхөрлөл, аж ахуйн нэгж,  байгууллага нь  ойн санг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тусгасан менежментийн төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа явуулна.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ТӨРИЙН БОЛОН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ
БАЙГУУЛЛАГЫН БYРЭН ЭРХ

10 дугаар зүйл.  Улсын Их Хурлын бүрэн эрх

10.1.Улсын Их Хурал ойн талаар дараахь  бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

10.1.1. ойг ашиглах, нөхөн сэргээх, хамгаалах, үржүүлэх  талаархи төрийн бодлогыг тодорхойлох;

10.1.2. ойн тухай хууль тогтоомжийг батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах, тэдгээрийн биелэлтэд хяналт тавих;

10.1.3. Засгийн газрын өргөн мэдүүлснээр ойг хамгаалах, экологийн аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр батлах;

10.1.4. ойн нөөц ашигласны төлбөрийн  дээд, доод хувь, хэмжээг тогтоох;

10.1.5. ойн асуудлаарх олон улсын гэрээ, хэлэлцээр соёрхон батлах, цуцлах;

10.1.6. хуульд заасан бусад бүрэн эрх.

11 дүгээр зүйл. Засгийн газрын бүрэн эрх

11.1. Засгийн газар ойн  талаар  дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

11.1.1. мод, ойн дагалт нөөцийг ашиглах, импортлох, экспортлох хэмжээг хуульд заасан үндэслэлээр хязгаарлах буюу тодорхой хугацаагаар хориглох;

11.1.2. ойн талаархи төрийн бодлогын хэрэгжилтийг  зохион байгуулах;

11.1.3. ойн  менежментийн улсын  ерөнхий төлөвлөгөөг батлах;
11.1.4. ойн нөөцийг  хамгаалах,  нөхөн сэргээх, үржүүлэх   арга хэмжээний зардлыг тухайн жилийн төсөвт тусгах;

11.1.5.устах аюулд орсон мод, бут,  сөөгийн жагсаалтыг батлах, өөрчлөх;

11.1.6. хуульд заасан бусад бүрэн эрх.
12 дугаар зүйл. Төрийн захиргааны төв байгууллагын
бүрэн эрх

12.1. Төрийн захиргааны төв байгууллага ойн  талаар дараахь  бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

12.1.1. ойг хамгаалах,  зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх, байгаль орчны тэнцлийг хангах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

12.1.2. хууль тогтоомжид заасан эрх хэмжээний хүрээнд ойг хамгаалах талаар төрийн захиргааны бусад төв байгууллага, аймаг, нийслэлийн хэмжээнд мөрдөх  дүрэм, журам,  бусад шийдвэрийг баталж,  биелэлтийг хангуулах;
12.1.3. ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх  талаар салбар дундын болон бүс нутаг хоорондын зохицуулалт хийх,  холбогдох эрх зүйн акт, стандартыг  эрх бүхий байгууллагаар батлуулах буюу төрийн захиргааны зохих байгууллагатай хамтран баталж, биелэлтийг зохион байгуулах;

12.1.4. жил бүр ашиглах ойн нөөцийн дээд хэмжээг хууль тогтоомжийн дагуу тогтоох;

12.1.5. экологийн шаардлага, нөөцийг харгалзан тухайн бүс нутагт мод, ойн дагалт нөөцийн ашиглалтыг хязгаарлах буюу тодорхой хугацаагаар хориглох;

12.1.6. аймаг, нийслэлийн ойн менежментийн төлөвлөгөөг батлах;

12.1.7. энэ хуулийн 11.1.3-т заасан төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих;

12.1.8. ойн нөөцийн төлөв байдал, чанарыг тодорхойлох, үнэлгээ өгөх, нөөцийн өөрчлөлт, ашиглалт, хамгаалалтын байдлыг хянах;

12.1.9. улсын ойн мэдээллийн сан бүрдүүлэх ажлын хэрэгжилтэд хяналт тавих;

12.1.10. ойн мэргэжлийн байгууллагын эрх олгох, цуцлах;
12.1.11. энэ хуулийн 7.4.1-д заасан ажилд улсын төсвөөс гаргах хөрөнгийг төлөвлөх, хуваарилах, биелэлтийг дүгнэн, гүйцэтгэгчийг санхүүжүүлэх;

12.1.12. ойн нөөцийг хамгаалах дотоод хяналтыг зохион байгуулах;
12.1.13. ойн экологи, эдийн засгийн үнэлгээг батлах;
12.1.14. хуульд заасан бусад бүрэн эрх.

13 дугаар зүйл. Ойн асуудал эрхэлсэн төрийн  захиргааны
байгууллагын тогтолцоо, бүрэн эрх

13.1. Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд ойн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид “төрийн захиргааны байгууллага”гэх/, аймаг, нийслэлийн байгаль орчны албаны бүрэлдэхүүнд ойн асуудал эрхэлсэн нэгж ажиллана.

13.2. Шаардлагатай тохиолдолд ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх нэгдсэн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх, ойн санг гэрээгээр нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх ажлыг зохион байгуулахад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий сум дундын болон сумын ойн анги, зарим сумдын  Засаг даргын Тамгын газарт ойн асуудал хариуцсан албан тушаалтанг тус тус ажиллуулж болно.

13.3. Төрийн захиргааны байгууллага ойн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

13.3.1. ойн нөөцөд тулгуурлан жил бүр ашиглах ойн баялгийн дээд хэмжээг тогтоох  санал боловсруулж, төрийн захиргааны төв байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;

13.3.2. ойг ашиглах,  хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх  талаар төрийн  эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

13.3.3. ой бүхий сум, дүүргийн менежментийн төлөвлөгөөг батлах, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах;

13.3.4. мод бэлтгэсэн, түймэр, хөнөөлт шавж,  өвчинд нэрвэгдсэн ойн талбай, говь, хээрийг ойжуулах, ойн зурвас байгуулах ажлыг төв, орон нутгийн түвшинд зохион байгуулах;

13.3.5.ойн экологи-эдийн засгийн үнэлгээг боловсруулах, батлуулах;
13.3.6. мод, сөөгний үрийн нөөцийн сан бүрдүүлэх, мод үржүүлгийн газар байгуулах, тарьц, суулгац ургуулах ажлыг улсын хэмжээнд мэргэжлийн удирдлага зохицуулалтаар хангах;

13.3.7. орон нутаг дахь  ойн чиглэлийн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг мэргэжлийн удирдлагаар хангах;

13.3.8. ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх  зориулалтаар улсын төсвөөс олгосон хөрөнгийг хуваарилах, зарцуулалтад хяналт тавих, гүйцэтгэлийг тайлагнах;

13.3.9.  ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх  талаар технологи, норм, нормативын үндэслэл боловсруулах, батлуулах;

13.3.10. ойн нөөцийн  өөрчлөлтөд хяналт, шинжилгээ хийх, ойн мэдээллийн сан бүрдүүлж, мэдээллээр хангах;

13.3.11. ойг хамгаалах,  нөхөн сэргээх, үржүүлэх   ажилд дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллагыг оролцуулахад бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэх;

13.3.12. ойг  хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх  чиглэлээр нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын явуулах үйл ажиллагааны хөтөлбөр, ойн менежментийн төлөвлөгөөний үлгэрчилсэн загвар, тэдгээрийг боловсруулах заавар, журам батлах.

 

14 дүгээр зүйл. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын болон Засаг даргын бүрэн эрх

14.1. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

14.1.1. ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх  арга хэмжээний хөтөлбөр, шаардагдах төсвийг баталж, биелэлтэд хяналт тавих;

14.1.2.  ойн  сангийн төлөв байдал, мэдээллийн сангийн тухай Засаг даргын мэдээлэл, тайланг сонсох;

14.1.3. Засаг даргын саналыг үндэслэн ойн сангийн тодорхой хэсгийг орон нутгийн хамгаалалтад авах, түүний хилийн зааг, хамгаалалтын дэглэм тогтоох,  биелэлтэд нь  хяналт тавих;

14.1.4. төрийн захиргааны төв байгууллагын баталсан дээд хязгаарт багтааж  тухайн жилд ойгоос бэлтгэх хэрэглээний модны  хэмжээг сумдаар хуваарилан батлах.

14.2. Аймаг, нийслэлийн Засаг дарга дараахь  бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

14.2.1. ойн тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;

14.2.2. ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх  арга хэмжээний хөтөлбөрийг  боловсруулах, батлуулах,  биелэлтийг хангах;

14.2.3. ойн сангийн мэдээ, тайланг энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан төрийн захиргааны байгууллагад хүргүүлж  байх;

14.2.4.  тухайн жилд ойгоос бэлтгэх модны хэмжээний талаархи  саналаа энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх;

14.2.5. ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх  талаар нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагаас явуулж байгаа үйл ажиллагааны  явцад хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах, шаардлагатай бол  ойн санд сөргөөр нөлөөлж буй үйл ажиллагааг нь түдгэлзүүлэх;

14.2.6. ойн  хөнөөлт шавж, өвчин, түймрээс урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгах, ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх   арга хэмжээг хэрэгжүүлэхэд орон нутгийн төсвөөс шаардагдах хөрөнгийг батлуулах, хэрэгжүүлэх;

14.2.7. аймаг, нийслэлийн Байгаль орчны албаны ойн асуудал эрхэлсэн нэгж, сум дундын ойн ангийг байгуулах, тэдгээрийн даргыг Байгаль орчны албаны даргатай зөвшилцөн томилох, чөлөөлөх, нэгжийн ажиллах журмыг батлах;

14.2.8. ойг нөхөн сэргээх, үржүүлэх  ажлыг жил бүр зохион байгуулж, түүний биелэлтэд хяналт тавих.

14.3. Аймаг, нийслэлийн Байгаль орчны алба нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
14.3.1. хариуцсан нутаг дэвсгэртээ ойн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хангах ажлыг зохион байгуулж, дүнг аймаг, нийслэлийн Засаг дарга, болон энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан төрийн захиргааны байгууллагад тайлагнах;

14.3.2. аймаг, нийслэлийн ойн мэдээллийн санг бүрдүүлж,  төрийн захиргааны болон төрийн захиргааны төв байгууллагыг мэдээллээр хангах;

14.3.3. өөрийн харьяа сум, дүүргийн ойн ангийг мэргэжлийн удирдлагаар хангах, үйл ажиллагаанд нь хяналт тавих;

14.3.4. ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх  талаархи саналаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргад танилцуулж шийдвэрлүүлэх, шаардлагатай бол энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан төрийн захиргааны байгууллагад тавих;

14.3.5. мэргэжлийн байгууллагаар ойн баялгийн судалгааг  хийлгэх захиалга өгөх;

14.3.6. ойн нөөц ашигласны төлбөр, хураамжийг зохих хууль тогтоомжийн дагуу ногдуулж, төвлөрүүлэх;

14.3.7. нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх  үйл ажиллагааг зохион байгуулах;

14.3.8. өөрийн албанд ойн асуудал хариуцсан нэгж ажиллуулах, сум дундын  болон сумын ойн ангийн дарга болон сумын ойн асуудал  хариуцсан албан тушаалтанг томилох, чөлөөлөх тухай саналаа тухайн шатны Засаг даргад өгөх;

14.3.9. ойн сангийн тодорхой хэсгийг  эзэмшигч нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын менежментийн төлөвлөгөөг батлах, хэрэгжилтэд хяналт тавих;

14.3.10. ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх  зориулалтаар төсвөөс хуваарилсан хөрөнгийг гэрээ байгуулан гүйцэтгэгчид олгож, түүний зарцуулалтад хяналт тавьж, гүйцэтгэлийг тайлагнах.

15 дугаар зүйл. Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын болон Засаг даргын бүрэн эрх

15.1. Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараахь  бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

15.1.1. ойг хамгаалах,  зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх  арга хэмжээнд  шаардагдах төсвийг батлах, биелэлтэд хяналт тавих;

15.1.2.  хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу тухайн жилд ашиглах ойн нөөцийн хэмжээг тогтоох;

15.1.3.  ойг хамгаалах талаар Засаг даргаас хэрэгжүүлсэн  ажлын тайлан хэлэлцэх, шийдвэр гаргах;

15.1.4. баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад ойн сангийн тодорхой хэсгийг  гэрээгээр эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх, хяналт тавих;

15.1.5. нөхөрлөл, аж ахуйн нэгж,  байгууллагад ойн сангийн тодорхой хэсгийг эзэмшүүлсэн  гэрээний биелэлтийг жил бүр хэлэлцэн дүгнэж байх;

15.1.6. ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх бодлого, чиглэлийг   батлах, хяналт тавих;

15.1.7. шаардлагатай бол сум, дүүрэгт ойн асуудал хариуцсан нэгж, албан тушаалтан ажиллуулах, шаардагдах төсвийг батлах.

15.2. Сум, дүүргийн Засаг дарга дараахь  бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

15.2.1. ойн тухай хууль тогтоомж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дээд шатны байгууллагын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;

15.2.2. ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх    арга хэмжээний хөтөлбөрийг хэрэгжүүлэх;

15.2.3. нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад ойн нөөцийг  ашиглуулах эрхийн бичгийг хууль тогтоомжийн дагуу олгох, хүчингүй болгох;

15.2.4. ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх  талаархи нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах, тэдний тарьж ургуулсан таримал ойг хүлээн авах;

15.2.5. түймэр, хөнөөлт шавж, өвчин, хууль бус үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, учирсан хор хөнөөлийг арилгах;

15.2.6. энэ хуулийн 15.1.4-т заасан шийдвэрийг үндэслэн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад ойн сангийн тодорхой хэсгийг болзол, хугацаатайгаар эзэмшүүлэх гэрээ байгуулах, биелэлтэд хяналт тавих;

15.2.7. нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын менежментийн төлөвлөгөөг үндэслэн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хязгаарт багтаан мод бэлтгэх шийдвэр гаргах, хэрэгжүүлэх, хяналт тавих;

15.2.8.  ойн нөөцийн бүртгэл, ой зохион байгуулалтын ажлыг өөрийн хариуцсан нутаг дэвсгэртээ ойн мэргэжлийн байгууллагаар  гүйцэтгүүлж, сумын менежментийн төлөвлөгөөг батлуулах, хэрэгжүүлэх;

15.2.9. сум, дүүргийн ойн асуудал хариуцсан нэгжийн даргыг  томилох,  чөлөөлөх, ажиллах журмыг батлах.

15.3. Сум дундын болон сум, дүүргийн ойн анги нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

15.3.1. ойгоос мод бэлтгэх талбай тусгаарлах;

15.3.2. бэлтгэсэн мод, модон материалд гарал үүслийн гэрчилгээ олгох;

15.3.3. сум, дүүргийнхээ ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх  хөтөлбөр болон менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх;

15.3.4. ойн сангийн тодорхой хэсгийг  эзэмшигч нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх;

15.3.5. ойн баялгийг ашигласны төлбөр, хураамжийг ногдуулж, тэдгээрийн гүйцэтгэлийг хангах;

15.3.6. аймаг, сумын түвшинд ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх  талаар явуулж буй бодлогыг хэрэгжүүлэх, үр дүнг тооцох;

15.3.7. мэдээллийн санг эрхлэх;
15.3.8. иргэдэд ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх  чиглэлээр сургалт, сурталчилгаа явуулах;

15.3.9. ойг түймэр, хөнөөлт шавж, өвчин зэрэг байгалийн гэнэтийн аюул, гамшгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, тэдгээртэй тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэх;

15.3.10. нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын менежменти